Tuesday, April 21, 2009

Коммунист интернационал буюу Коминтерн Монгол орныг сүйрүүлсэн нь

Коминтерний 90 жилд

Коминтернийг шүтэн биширч байсанМАХН-ынудирдлагууд Зөвлөлтийн Коммунист (большевик) намын хавсарга гар хөл төдий байгууллага гэдгийг нь байтугай тарсныг нь мэдэлгүй 1945 он хүрсэн байх юм. Гэтэл коминтерн 1943 онд таржээ. Өрнөд европын коммунист намууд коминтернийг бусад орны дотоод хэрэгт хэтэрхий оролцож байна гэдэг үндэслэлээр тараасан аж.

Хоёрдугаар коммунист интернационал задран унасны дараа 1919 онд В.И.Лениний санаачлагаар Коминтернийг шинэчлэн байгуулжээ. Эхэндээ олон улсын коммунистуудын холбоо нэртэй эв нэгдлийн байгуулага байсан боловч В.И.Ленинийг нас барснаас хойш үзэл суртал, бие даасан байдлаа алдан бүрэн дампуурч Зөвлөлтийн коммунист большевик намын хавсрага-тоглоомын байгуулага болж И.В.Сталины цуст дарангуйллыг бусад улс орнуудад тулган хүлээлгэх үзэл суртал-хүчирхийлэлийн байгууллага болж хувирсан түүхтэй. Энэ жил Коминтерний 90 жилийн ой тохиож байгаагаас гадна 1929 онд хуралдсан МАХН-ын VII их хурлаас ядуу буурай Монголд коминтерний дарамт шахалт хүчээ авч, улс төр эдийн засаг, соёл, үзэл суртлын талаар хүчтэй нөлөөлж, үндэсний төр улсыг коммунист тоглоомын төр улс болгон хувиргаж эхэлсний 80 жилийн ой бас тохиож байна. Ингээд Коминтерний зүгээс Монголд социализм байгуулах бодлогыг хүчээр тулган хүлээлгэсэн тухай түүхийн баримтанд тулгуурлан бичиж байна.

СОЦИАЛИЗМИЙН ЗӨВЛӨЛТ ЗАГВАРЫГ ТУЛГАСАН НЬ
1929 оны нэгдүгээр сарын эхээр Коминтерний дорнод хэлтсийн монголын комисс удаа дараа хуралдаж, МАХН-ын удирдлагууд болон коминтерний төлөөлөгчдийн ажлын дүнг хэлэлцсэн байна. Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч үндэсний үзэлт Ардын намын хуучин удирдагчдийгбаруунтангэгчээр сольж, монгол орныг капиталист хөгжлийн замд орохоос сэрэмжилж чадсан хэмээн дээрхи хурлаас коминтерний үйл ажиллагааг өндөр үнэлээд монголын дотоод бодлогын бүх асуудлыг коминтернээс цаашид шууд удирдахаар тогтжээ.

Монголын малчин ард олонд хувьсгалын ололтыг хүртээхийн тулд феодал лам нарын эдийн засгийн хүчин чадлын эсрэг довтолж хөрөнгийг нь хураах ёстойгэсэн саналыг В.Шмераль, П.Миф, И.Рейтер нар дэвшүүлжээ. В.Шмераль нэгэн хурал дээр айлтгахдааМонголын нутаг дэвсгэр нь англи, Герман, Францын нутгийг нийлүүлснээс ч том бөгөөд харин хүн ам нь 800-хан мянга юм. Энэ байдлыг бид эрхбиш харгалзах ёстой, империалистууд болон дэлхийн хувьсгалын нөлөөнд монгол орныг оруулчихгүйн тулд тэрхүү нутаг дэвсгэрт тогтоосон нөлөөгөөбусармаг муу аргаар ч атугай хадгалахадманай зорилго оршино гэж би үзэж байна. Хэрэв энэхүү цөөн хүн ардыг капиталист биш хөгжлийн замаар бид хөтөлж чадах аваас монгол дахь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хөдөлмөрчин ард олны ангийн тэмцэл болгож хувиргана. Чухамхүү ийм л замаар газар нутгийг бид өөрийн нөлөөнд байлгаж чадна. Энэ жил буюу ирэх онд тодорхой үр дүнд хүрсэн байхуйцаар бид ажлаа зохион байгуулах ёстойгэжээ.

МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга П.Гэндэн КИГХ-ны /Коммунист интернациональ буюу Коминтернийн Гүйцэтгэх Хороо/ Улс төрийн нарийн бичгийн дарга нарын хуралд 1929 оны хоёрдугаар сарын 23-нд тавьсан илтгэлдээ: “Баруунтныг бутцохиход намын доторхи зүүний сөрөг хүчинд коминтерний зүгээс үзүүлсэн дэмжлэгт талархал илэрхийлж байна. Япон, Хятадын зүгээс Монголд учруулж байгаа аюулаас хамгаалах, монголд шинэ хөрөнгөтөн төрөх явдлыг бууруулж, том толгой лам нарын хувьсгалын эсэргүү үйл ажиллагааг илчлэн, ядуу дунд ардаас авдаг татварыг багасгах, намд цэвэрлэгээ явуулж жинхэнэ ард олны, ангийн нам болгох явдал МАХН-ын өмнө тулгарсан зорилт болж байнагэжээ. Энэ илтгэлийг коминтерний удирдлага талархан хүлээн авч, нэг жилийн өмнө МАХН-ын дарга Ц.Дамбадоржийн тавьсан илтгэлтэй харьцуулахадхувьсгалгарчээ гэж үзсэн аж. КИГХ-ны Улс төрийн нарийн бичгийн дарга нарын 1929 оны гуравдугаар сарын нэгний өдрийн тогтоолоор коминтерний төлөөлөгчдийг монголоос татсан өмнөх шийдвэрийг өөрчилж, МАХН нь талархагч намын хувьд коминтерний удирдалгын дор ажиллах ёстой гэж үзжээ. Хөрөнгөтөн, феодал, лам нарын улс төр-эдийн засгийн хүч чадлыг эвдэж, ард олон юуны өмнө ядуучуудын эдийн засгийн байдлыг сайжруулахад МАХН бүхий л хүч чармайлтаа чиглүүлэх ёстой гэж заасан байна. Үүнтэй холбогдуулан лам нарын доторхи ялгарлын үйл явцыг гүнзгийрүүлэх, хувьсгалын эсэргүү том толгой лам нарын эсрэг тэмцэлд доод лам нарыг өргөнөөр татан оролцуулах нь МАХН-ын үндсэн зорилтын нэг бөгөөд лам нарын хүчийг нэгтгэхгүй байх, тэднийг харгис хүч тойрон нэгдэхэд хүргүүлэхгүй байх хэрэгтэй гэж тогтоолд онцлон тэмдэглэжээ.

Зүүний нугалааг лавшруулав

Коминтерний зааврыг МАХН-ын удирдлага үг дуугүй хүлээн авч байв. Коминтерний монголын комиссын хуралМАХН-ын удирдлага чадвар муутай хүмүүсээс бүрдсэнхэмээн үзэж коминтерний тусгай элч Кучумов, Черномордюк нарыг зориуд томилон ирүүлжээ. Тэд монгол оронд гарсан нугалаа завхарлыг лавшруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.

1929 оны тавдугаар сард хуралдсан МАХН-ын Төв хорооны хоёрдугаар бүгд хурал Коминтерний зургадугаар их хурлын шийдвэр, МАХН-ын Төв хорооноос коминтернд тавьсан илтгэлийг сайшааж, ван гүн, хутагт хувилгаад, лам нар зэрэг нударган баячуудын хөрөнгийг хурааж, ядуу дунд ардын алив хоршооллыг байгуулах шийдвэр гаргажээ. Бүгд хурал намын гишүүн феодал, түшмэл лам нарыг ангийн биш этгээд хэмээн нэрлэж тэднийг баруунтны үлдэгдлийн хамт намаас цэвэрлэх зааврыг баталжээ. 1929 оны арванхоёрдугаар сарын гурванд КИГХ-ноос МАХН-ын Төв хороонд захидал ирүүлжээ. Захидалд: “МАХН-ыг олон түмний нам болгохын тулд зарц ядуусыг намд олноор нь элсүүлэх, Монгол улсыг түүхэн богино хугацааны дотор социализмийн замаар хөгжүүлэх нэгтгэсэн төлөвлөгөө зохиож ажиллах явдал чухалчлагдаж байнагэж тэмдэглэжээ.

Үүнтэй уялдуулан МАХН-ын наймдугаар их хурлыг 1930 оны эхээр яаравчлан хуралдуулж улс орны хөгжлийн талаар чухам энэ үзэл санааг удирдлага болгон дүгнэлт хийхдээ алдаа гаргаж: “Хувьсгал гуравдугаар үе шатанд орж монголд социализм байгуулах явдал нэн чухал тулгамдсан асуудал боллоогэж заасан байдаг. Их хурлаас феодал ангийн эдийн засгийн үндэс суурийг бүрмөсөн таслан устгах, дээд ангийн лам нарын эсрэг явуулах тэмцлийг хүчтэй болгож, зарц ядуу, дундчуудыг хамтрал коммунд өргөнөөр хамруулах, хүнд аж үйлдвэрийн газруудыг байгуулах, газар тариаланг хөгжүүлж, талх тариагаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах, ард түмнийг нүүдлийн байдлаас суурин байдалд оруулах зорилт дэвшүүлжээ. Их хурал улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 1931-1935 оныг хамарсан анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэлийг баталсан бөгөөд түүний гол зорилт нь тус улсад нийгэм журмын байдлыг үнэн хэрэг дээрээ биелүүлэн явуулахад чиглэгдвэл зохино гэж үзжээ.

МОНГОЛ ДАХЬ НИЙГМИЙН ХЯМРАЛ

МАХН-ын 7, 8 -р их хурлын шийдвэрээр нам улсын бүх ажил социалист зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэв. Намын төв хороо, намын төв хянан байцаах комиссын саналын дагуу Улсын бага хуралФеодалын хөрөнгө хураах ажлыг эрхлэх төв комисс”-ыг Х.Чойбалсангаар толгойлуулан байгуулж салбар комиссыг бүх аймаг хошуудад бий болгож ажлыг нь шуурхайлав. 1929 оны зун феодал, хутагт хувилгаад, түшмэдийн хөрөнгийг хураах анхны аяныг эхлүүлсэн бөгөөд хөрөнгөө хураалгасан хүмүүст 100 хувьтай тэнцэх мал хөрөнгө үлдээсэн байна. Гэтэл ийм хөрөнгө феодал баячуудад эдийн засгийн талаар дахин өндийх боломж олгоно хэмээн зүүнтнүүд үзэж тэдэнд 10 хувийн мал хөрөнгө үлдээхээр шийдвэрлэжээ.

1929-1930 онд 1100 гаруй феодал, хутагт хувилгаад, түшмэдээс арван сая төгрөгийн хөрөнгө хураасан байна. Үүнд бас чинээлэг ардууднударган баячуудгэдэг нэрээр өртжээ. Хураасан хөрөнгийн нэг хэсгийг ядуу ардуудад, нөгөө хэсгийг хамтрал коммунд хуваарилан олгожээ. Феодалын хөрөнгө хураах гэгч энэ ажил нь үнэн хэрэгтээ монголын нийгэм дэхь хөрөнгөлөг этгээдийн эсрэг чиглэсэн байлаа.

Феодалын хөрөнгө хураах ажлын явцад сүм хийд, жас жавын мал хөрөнгийг хэрхэх асуудал гарч иржээ. Хүрээ сүм хийдийн эдийн засгийн суурийг сулруулж устгах зорилгоор МАХН-ын наймдугаар их хурлыннууцтогтоолын дагуу жасын малыг ядуу ардуудад гэрээгээр хариулгах, эд хөрөнгийг нь хар болсон лам нарт хувь олгох, 18-45 насны лам нараас цэргийн татвар хураах замааржасын компанигэгчийг явуулжээ. Ингэснээр ядуучуудад очсон мал хөрөнгө ном ёсоороо ядуусын амьдралыг дээшлүүлэхэд нэг их түлхэц болж чадсангүй. Хүмүүс тэр бүхэнд анги намын үүднээс ялгавартай хандаж, феодал малыг үл хайрлах тул монголын мал үлэмжхэн хорогджээ. “Хамтралын бухыг мөргөсөн дархан ван Пунцагцэрэнгийн феодал бухыг цаазалсан улаан хувьсхаальч Доржийн ухуулгамэт зүйлс газар сайгүй гарч байж.

МАХН-ын их бүгд хурлуудын шийдвэрийн дагуу ардын аж ахуйтныг хамтрал коммундалбадан шахахзамаар бүрэн хамруулах ажил улс орон даяар хүчтэй өрнөв. Хамтралд ороогүй малчин ардуудыг өртөө улааны хүнд дарамтаар шахаж, нутаг бэлчээрээр хавчиж, хөөх туух зэрэг зохисгүй үзэгдэл түгээмэл гарч олны дургүйцлийг хүргэж байв. 1932 оны эх гэхэд хамтрал коммуны тоо 752 хүрч тэдгээрт 55 мянга шахам малчин өрх хамрагдсан байж. Ийм байталХамтрал коммун байгуулах ажлыг намын зүгээс сайн дэмжихгүй, хүч чармайлт гаргахгүй байнагэсэн сануулга донгыг коминтерний зүгээс нам засгийн удирдлагууд авч түүнийг эрчимжүүлэх талын уриа лоозон, хоосон магтаалаар булж, ард олныг хуурч төөрөгдүүлэхийг оролдож байв.

Гэвч амьдрал дээр байдал шал өөр, хамтрал коммун нурж сөнөж байгааг хүмүүс мэдэрч, хаа сайгүйзүүнтнийнамын бодлогыг эсэргүүцэх шинжтэй болов. Энэ явдал ганц малаар тогтсонгүй. Зүүнтнүүд хувийн худалдаачид, аян жин тээгчдийн эсрэг чиглэсэн бодлого явуулах болж, худалдаа тээврийн асуудлыг ганцхүү Монголын эд хэрэглэгчдийн хоршоо, монгол трансад монодоль эрхээр олгох болсон нь улс орны дотоод зах зээл, тээврийн асуудлыг асар их хүндрүүлсэн аж. Тус улсын импортод гадаад худалдааны эзлэх жин эрс буурч 1930 оны эцсээр Засгийн газар гадаад худалдааны улсын онц эрхийг тогтоов. Энэ бүхэн өргөн хэрэглээний бараагаар ард олныг гачигдуулж, туйлдуулах байдалд хүргэжээ.

Зүүнтнүүд ардын төрийн шинжийг явцууруулан тайлбарлаж, “Ардын засаг бол жинхэнэ зарц нарын засаг бөгөөд зөвхөн зарц ядуу ард л засгийг удирдах ёстойгэж догматикаар тайлбарлаж, төрийн нийгмийн суурийг үлэмж явцууруулж байв. Нам олон нийтийн байгуулагууд төр засгийн дотоод хэрэгт хутгалдан оролцож төрийг самууруулж байв. МАХН-ын Төв хянан байцаах комисс, МХЗЭ-ийн Төв хорооны тэргүүлэгчид асуудал бүхнийг төрийн эрхтэй хавсран шийдвэрлэх болсон нь ард түмний сонгон байгуулсан төр засгийн үүргийг бууруулахад хүргэсэн байна.

1931 онд улсын засаг захиргааны хуваарийг 13 аймаг 324 сум болгон өөрчлөн жижигрүүлэх нүсэр ажил явагдав. Намын дотоодод ч ихээхэн гажуудал гарчээ. Намд гишүүн элсүүлэх ажлыг кампаничлан явуулснаар гишүүдийн тоо хоёр жилийн дотор гучин мянгаар нэмэгдэж 1931 оны эцсээр 41 мянгад хүрэв. Ийнхүү намд гишүүн элсүүлэх ажлыг хавтгайруулснаар намын бодлогыг ойлгохгүй буюу намд элсэх хүсэлгүй хүмүүсийг ч олноор оруулснаар намынхаа нэр хүндийг сулруулав.

Энэ нь олон түмнийг зохион байгуулах, итгүүлэн үнэмшүүлэх, ухамсарлуулахын оронд харин захиран тушаах, албадан хавчих, загварчлан хавтгайруулах, кампанчилах арга барил нам, засаг захиргаа, олон нийт, аж ахуйн байгуулагын үйл ажиллагаанд ноёлох болов. Зүүнтнүүдийн ажил явууллагын уршгаар дураар аашлан, хууль ёсыг зөрчих явдал түгээмэл шинжтэй болов. Зарим тайж, түшмэл, лам, чинээлэг ардын улс төрийн эрхийг хасах, үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөнд халдах, үндэслэлгүй баривчилан хорих явдал ч гарч үүнийг нь өөгшүүлэн давруулж байж. 1930 онд Дотоодыг хамгаалах газрын дэргэд Улс төрийн хэргийг шүүхээс гадуур шийдвэрлэх эрх бүхий тусгай комиссгэгчийг байгуулжээ. Лам нарыг албадан хар болгох, сүм хийдийн хурал номын ажиллагааг хориглох, ард олны сүсэг биширлийг доромжлох зэрэг зүй бус явдал ч идэвхжих хандлагатай болж ард иргэдийн шүтэх бишрэх эрх чөлөөг боогдуулж байв.

Ард олны идэвхгүй эсэргүүцэл ба МАХН-ын дүгнэлт

Ийнхүү хувийн өмч, хүний эрх чөлөөний эсрэг довтолж, улс орныг социализмийн замаар хөгжүүлэх гэсэн зүүнтний оролдлого нь олон түмний дунд эрх баригч нам, ардын төрийн нэр хүндийг унагаж, монголын нийгмийн амьдралын бүх хүрээг гүнзгий хямралд оруулав. Малчдын мал сүргээ өсгөн үржүүлэх дур сонирхол буурч, малын тоо толгойг бараг 7 саяар хорогдуулж 1932 онд 16,2 сая болжээ.

Зүүнтнүүдийн хэт ангич, хэт хатуу байр суурь нь нийгмийн анги давхраа хоорондын тэмцэл сөргөлдөөнийг бий болгож, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулав. Нугалаа завхралд дургүйцсэн ард олон 1930 оноос эхлэн хил даван нүүж, дүрвэх хөдөлгөөн урд хилийн дагуу болон түүнтэй ойролцоо арав гаруй аймагт гарав. Бүрэн бус мэдээгээр 7542 өрх буюу 30 000 гаруй хүн дүрвэн гарчээ.

Эдгээр нь нам, төрөөс явуулж буй бодлого үйл үйл ажиллагааг хянан үзэх шаардлагатай болсны дохио санамж мөн байв. Нам засгийн удирдлагад гарсан зүүнтнүүд бий болсон байдлыг хайхарч үзээгүйгээр барахгүйБослого үймээн гарч байгаа нь улс орны хөгжил зөв замаар явж, ангийн тэмцэл зүй ёсоор хурцдаж байгаагийн илрэлгэж онолчирхон хийрхэж байв. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга П.Гэндэн 1932 оны хоёрдугаар сарын 21-нд Коминтерний дорно дахины нарийн бичгийн дарга нарын хуралд тавьсан илтгэлдээ: ”Феодалийн хөрөнгө хурааж, жасын кампани явуулсны ачаар ангийн тэмцлийг хурцатгах зорилтыг хэрэгжүүлж чадсан тухай хэлээд, хувийн худалдааг устгасан нь том ололт болсонгэж тэмдэглэжээ. Дээрхи хурлаарФеодалийн нэгэн адил хувьсгалын эсрэг харгис хүч болж байгаа монголын нударганчуудтай тэмцэх явдал ээлжит зорилт болж байнагэсэн дүгнэлт хийсэн юм. Мөн оны гуравдугаар сарын 22-нд И.Пятницкий, П.Миф нар МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга П.Гэндэн, З.Шижээ нартай уулзаж ярилцахдаа: “Хар феодалийн хүчин чадлыг устгасан өнөө үед нударганчуудын асуудалд гол анхаарлаа хандуулж, тэднийг нугалж авахын тулд үндсэн цохилт өгөх ёстойгэж зөвлөсөн байна.

Тэсрэлт

Гэвч монгол орны улс төрийн байдал дээрхи зорилтыг хэрэгжүүлэх бололцоог тэдэнд олгоогүй юм. Нутгийн гүнд үймээн бослого тасралтгүй үргэлжлэн гарах болов. 1930 онд Увс орчим Улаангом, Төгсбуянтын хүрээнд, 1931-1932 онд одоогийн Говь-Алтай, Өмнөговь аймагт, 1932 онд Хөвсгөл, Архангай, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Увс, Булган, Сэлэнгэ зэрэг аймагт лам, ард оролцсон бослого буюу хөдөлгөөнүүд гарчээ.

Бослого үймээн гаргагчид хамтрал хоршоог дээрэмдэх, сургууль соёлын газрыг эвдэн шатаах, орон нутгийн төр захиргааны байгуулагын ажилтан, нам эвлэлийн гишүүдийг баривчилж тамлан хороох зэргээр харгислал үйлдэж, феодалын байгууллыг дахин сэргээхийг санаархах болсон байна. Тухайн үеийн гадаад улс төрийн нөхцөл байдалтай уялдан гадаадын харигис хүчнээс ч үүнийг нь дэмжин дэвэргэх болжээ.

Б.Элдэв-Очир, Р.Мэнд, Г.Содном, Ж.Лхүмбэ тэргүүтэй Засгийн газрын бүрэн эрхт комиссууд бослого үймээний хор уршгийг ард олонд тайлбарлан таниулах, босогчдын хүчийг дотроос нь сарниулж, армийн шуурхай бүлгүүдийг нутгийн ард олноос оролцсон сайн дурын отряд байгуулан зэвсэглэж, хүч нэмэгдүүлж дотоодын цэргийн хүчээр цус урсган дарсан түүхтэй. Зэвсэг муутай, гар хоосон босогчдын эсрэг орчин үеийн зэвсэг, хуягт тэрэг, нисэх онгоцоор дэмжүүлэн довтолж, хядан устгажээ. Энэ бүхэн бол Коминтерний зүгээс монголд учруулсан гай гамшгийн нэгээхэн хэсэг ажгуу. Харин энэ үед европ дахь Коминтернийн бусад гишүүн намууд Монголд болж байсан цуст харгислалыг мэдэж байсан болов уу?

Ц.НАВАГЧАМБА

No comments:

Post a Comment