Friday, April 24, 2009

Хүү

Монгол банкинд юу болоод байна аа?

Сүүлийн үед Монголд бүх юм стандарт бусаар хийгдэх ёстой болжээ. Хямралаас гарах арга нь хүртэл стандарт бус гээч. Дэлхийн олон оронд хямралаас гарахын тулд Төв банкны зээлийн хүүг бууруулж байхад Монголд нэмжээ. Нэмэх нэмэхдээ жилийн 5 хувийн хүү нэмжээ.

Ердөө саяхан даа, Английн төв банк хүүгээ бууруулж 1.5 байсныг 0.5 болгож байна билээ. Тэгээд триллионоор нь валютаа нийлүүлж байна. Гэвч Монгол банкны шийдвэрт бас зөвтгөх юм бий. Өнөөдөртөө манай бүх хэвлэл, эдийн засагчид, улс төрчид Монгол банкыг бодлогын хүүгээ өсгөлөө хэмээн дайрч байна. Бүр оны өмнөөс л нийлүүлж буй мөнгөнийхөө хэмжээг нэмэхийг шаардаж байсны үргэлжлэл л дээ. Яагаад нэмж болохгүй байгаа талаар манай сонин хэд хэдэн удаа бичсэн. Бодлогын хүүг нэмсний улс төрийн шалтгааныг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан өгүүлэлдээ дурдсан.

Харин одоо цэвэр эдийн засгийн талаас нь авч үзье.

Нэгдүгээрт: Монгол бол үйлдвэрлэгч орон биш учраас гадаад худалдаагаа ашигтай болгох зорилгоор төгрөгийн ханшаа сулруулж болохгүй юм. Төгрөгийн ханш тэртэй тэргүй 20-30 хувийн сулралтай байна. Үүний дээрээс мөнгөний нийлүүлэлтийг нэмбэл инфляци шууд тогтоошгүй хүчин зүйл болон хувирна. Засгийн газар цалинг 20 бууруулах гээд чадсангүй, үүний дээрээс инфляцийг нэмбэл цалинг бараг 50 хувь бууруулсантай адил үр дүн хүлээнэ. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ тогтвортой байгаагийн дээр түүхий эдээс өөр экспортын бүтээгдэхүүн хомс тул лав л үйлдвэрлэлийг зээлээр дэмжихийн тулд хүү бууруулах нь ямар ч утгагүй хэрэг. Үйлдвэрлэл хөгжсөн орнууд л нийлүүлэлтээ нэмдэг болохоос үйлдвэрлэл сул хөгжсөн орон ингэдэггүй. Ялангуяа ийм хүнд үед ажлын байр үйлдвэрлэгч бий болгохын тулд зээлээр дэмжинэ гэдэг бараг л утгагүй. Монголд жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа хоёр шалтгаан бий. Нэгдүгээр БНХАУ бол хамгийн том үйлдвэлэгч орон. Хямд бөгөөд чанар нь сайжирсаар байгаа хятадын бүтээгдэхүүнүүдийг манай үйлдвэрлэгчид давтал их хохирол үзэх болно. Хоёрдугаарт ОХУ-аас Монголд тавьсан худалдааны хориг саад. ОХУ дотоод зах зээлээ хамгаалахын тулд импортын тарифаа 40-өөс дээш хувьтай тогтоосон байна. Энэ бол Оросын зах зээлд нэвэршгүй хана болж байна. Харин Хятадын зах зээл нээлттэй авч үйлдвэрлэгчид нь дотоод зах зээлээ дүүргэсэн тул бас бэрх.

Хоёрдугаарт: Гадаад худалдааны алдагдал харьцангуй буурчээ. Мэдээж энэ нь аль, зэсийн үнэ тогтвортой буюу өсч буйн ач тус. Нөгөө талаас нь үзвэл дотоодын зах зээл дэхь долларын хомсдлоос шалтгаалж, бас худалдан авах чадвар бууртай холбоотойгоор импорт эрс багассанаас гадаад худалдаа ашигтай мэт харагдаж байгаа юм. Иргэд хэрэглээгээ танаж энэ хэрээр импортлогчид ашиг алдаж, эргэлт нь удааширч байна.

Гуравдугаарт: Дотоодын зах зээл дэхь долларын эрэлттэй төгрөгийн нийлүүлэлтийг уяхгүй бол төгрөгийн ханш эрс суларна. Хавар цагт түүхий эд авах сонирхлоор асар их доллар орж ирж, долларын ханш бага зэрэг буурдаг байсан нь энэ жил ажиглагдсангүй, харин ч доллар өсч байна.

Дөрөвдүгээрт: Монгол банк валютын нөөцөө хадгалан үлдэхийн тулд ингэхээс өөр аргагүй юм. төгрөгийн нийлүүлэлтийг нэмбэл зээл авагчид эрсдлээ бууруулахын тулд валют болгон хувиргах магадлал их байна. Энэ нь эргээд инфляцийг хөөрөгдөнө. Өнгөрсөн сургамжийг үзвэл Монгол банк валютын жаахан нөөцөөрөө интервенц хийх бүтэлгүй оролдлогыг хэдэн удаа хийгээд алдсан. Дээрээс нь дотоод зах зээлд хомсдол түгшүүр үүсгэхгүйн тулд зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнийг импортлогчдод нөөцөөсөө юалвт олгож байсан юм. Ингэснээр өдгөө валвтын нөөц өнгөрсөн жилийнхээс хоёр дахин бураад байна.

Тавдугаарт: Улс орон импортоос хараат байгаа үед төгрөгийн нийлүүлэлт нэмэх нь дотоод зах зээл дээрх валютыг шууд гадагш урсгах аюултай байдаг. Гадаад худалдаанд доллараар тооцоо хийхээс бус төгрөгөөр тооцоо хийхгүй. Тиймээс импортлогчид төгрөгөө доллар болгохын тулд дотоод зах зээлээ бас л хоосолно.

Зургадугаарт: Арилжааны банкууд Монгол банкны бодлогын хүү буурлаа ч зээлийн хүүгээ бууруулахгүй. Зээлийн хүү харин ч өсөх юм. Учир нь төгрөгийн ханшны уналт үүнээс болж 30 хувь давлаа гэхэд арилжааны банкууд энэ эрсдлээ хүүндээ тооцож зээл олгох болно. Дэрээс нь төгрөгийн ханшны уналт цаашид улам нэмэгдэх төлөвтэй бол банкууд зээлийнхээ хугацааг богиносгох болно. Иймд голдуу худалдааны зээл л олгогдоно. Тиймээс зээлийн эрэлт өсөхгүй. Харин банкууд их хэмжээний мөнгөн хуримтлалтай болж, монгол банкны бага хүүтэй зээлийг валютын арилжаанаас олсон мөнгөөр эргүүлж төлөх сонирхолтой болж болзошгүй. Ингэсэн тохиолдолд банкууд зүгээр л валют арилжааны томоохон цэг болон хувирна.

Цагтаа ноолуурын мөнгө өгөхийг эсэргүүцэж байсан улс төрчид өнөөдөр төгрөгийн нийлүүлэлтийг дэмжиж байгаа нь гайхалтай. Банкнаас эмисс хийсэн ч бай, засгийн газраас мөнгө түгээсэн ч бай ялгаагүй л төгрөгийн нийлүүлэлтийг нэмж, валютын хомсдлыг дэврээж, үнийг нь хөөрөгдөнө шүү дээ.

Дүгнээд үзье

Бодлогын хүүг бууруулснаар нэгд импортын худалдаа эрхлэгчид, хоёр үйлдвэрлэлийн зээл авагчид, гуравт банкууд өөрсдөө дотоодын зах зээл дэхь хомсхон валютын төлөө өрсөлдөх болно. Ингэснээр долларын ханш замаа алдтал өсөх нь байна. Нэгэнт дотоодын зах зээлээс өндөр үнэтэй доллар авч импорт хийсэн бол үнэ тэр хэрээр өсөх нь зүй. Ийм чөтгөрийн тойргоос мөддөө гарахгүй. Ингэснээр ердөө намар гэхэд төгрөгийг ханш өнөөгийнхөөс 1.5 дахин унасан байх болно.

Монгол банкны бодлогыг шинжицгээе

Бодлогын хүүгээ нэмснээр Монгол банк юуны өмнө инфляцийг барих үүргээ хэрэгжүүлж байна. Бодлогын хүү өслөө гээд арилжааны банкуудаас өгч буй зээлийн хүү өсөхгүй. Арилжааны банкууд тэртэй тэргүй зээл олгохгүй байгаа билээ. Төгрөгийн нийлүүлэлтийн өсөлттэй уялдсан инфляциас шалтгаалж арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах боломжгүй болох тухай өмнө өгүүлсэн. Харин төгрөгийн нийлүүлэлт буурснаар инфляц тогтворжвол арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах боломжтой юм.

Хохирогч нь иргэд

Засгийн газар хадгаламжинд баталгаа гаргаснаар хадгаламж 1.5 тэрбум төгрөгөөр өслөө гэж байгаа ч инфляцтай харьцуулбал энэ нь өсөлт биш бууралт юм. Тиймээс төгрөгийг банкууд төв банкнаас биш иргэдээс цуглуулж авах зам руу шахаж байна. Арилжааны банкууд төв банкны бодлогын хүү өссөнтэй уялдуулан хадгаламжийнхаа хүүг ч өсгөх ёстой. Одоо эрсдлийг банкууд өөрсдөө нуруун дээрээ хувааж үүрэх цаг болсон. Яагаад гэвэл өөрсдийнх буруу үүнд их бий. Өнөөдөр жилийн инфляц 30 орчим хувьтай байхад банкууд хадгаламжийг сарын 1.7-2.0 /жилийн 20.4-24.0/ хувийн хүүтэй авч байна. Мөнгөө хадгалуулсан иргэд жил тутам 6.0% - 10.0% үүнээс илүү хохирол амсаж байна. Өнөөдөр бодат байдлаар бол хадгаламжийн хүү дор хаяж сарын 3.0 хувь /жилийн 36%/ байх ёстой.

Үндсэндээ бодлогын хүүгийн өсөлтөөс арилжааны банкуудын орлого л бага зэрэг буурахаас үйлдвэрлэгчдэд бол тийм ч хортой тусахгүй л дээ. Өнгөрсөн бүхий л хугацаанд хямралаас сэргийлэх талаар арилжааны банкууд бараг юу ч хийгээгүй гэхэд болно. Тэд хүмүүсийн гар дээр байгаа мөнгийг татан төвлөрүүлэхийн тулд хуруугаа ч хөдөлгөөгүй ба Засгийн газрын хуурамч баталгаа ба Монгол банкны бодлогын хүү буурах байх гэсэн найдлага дээр л ашгаа тооцож байсан юм. Энэ нь хутганы ирэн дээр эдийн засгийг аваачиж тэнцүүлэх гэж оролдсонтой л адил зүйл. Хэрэв тэнцвэр алдагдвал эдийн засаг шууд хоёр хуваагдаж, албан бус санхүүгийн зах зээл цэцэглэнэ.

Засгийн газар цагаа олж хадгаламжийн баталгаанаас татгалзсан билээ. төрийн сангийн данс улайж, Монгол банкинд 60 тэрбумын бонд хүчээр шахсаны дараа зах зээлийн мэдрэмжтэй иргэд бол хадгаламжаа шууд татах байлаа. Мөн УИХ дээр төсвийн алдагдал 800 тэрбум хүрэх ба орлого 40 орчим хувиар буурах тухай ил тод яригдаж байхад иргэд Засгийн газрын баталгаа гэгч ямар ч үнэ цэнэгүй болохыг ойлгож байх учиртай юм. Гэвч азаар сайн эдийн засагчгүй тулдаа банкны салбарыг хамарсан үймээн дэгдсэнгүй.

Уг нь Засгийн газар хадгаламжинд баталгаа гаргасантай зэрэгцээд арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ нэмэх зэрэг арга хэмжээ авсан бол байдал өнөөгийнхөөс хамаагүй дээр байхсан. Бас засаг замбараагүй олгосон зээлээ эргүүлэн төлүүлэх арга хэмжээ нэн яаралтай авсан бол бүр ч сайн байхсан. Ийм нөхцөлд Монгол банкны бодлогын зээлийг хүлээх ч хэрэгцээ гарахгүй байв.

Харин өнөөдөр Монгол банк руу дайрч байгаа улс төрчид эдийн засаг мэдэхгүйдээ өндөр хөгжилтэй орнуудын жишгийг дагах ёстой юм шиг гэнэн сэтгэж байна. Басхүү шүүмжлэгч л содон харагддаг энэ үед ямар ч шийдвэрийг мухар сохроо эсэргүүцэх эрмэлзэл УИХ-д хангалттай байна. Бизнесийг төлөөлсөн байгууллагууд нь болохоор арилжааны банкуудаасаа айгаад шахаж чадахгүй уураа Монгол банкинд гаргаж байна. Эдийн засагчид нь болохоор учраа олохгүй байх шиг. Энэ бүхний цаана арилжааны банкууд энэ бүх салхийг үлээж байгаа гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Бага мөнгө өгвөл намуухан хашгирдаг, их мөнгө өгвөл чанга хашгирдаг тэгэхдээ дандаа худлаа хашгирдаг эдийн засагч цолтой цөөхөн нөхдийг тэд л турхирч чадна. Үндсэндээ энэ эдийн засагт арилжааны банкууд хаанчлалаа тогтоочихоод байгаа юм.

УИХ болж өгвөл Монгол банкны болдлогыг дэмжиж, хариуцлагыг арилжааны банкууд руу чиглүүлж чадвал нүүрлэн буй аюулаас эрсдэл багатай гарах боломж бас бий юм шиг санагдад байна. Бүх зүйл хоёр талтай учраас улстөрийн шалтгаан ба эдийн засгийн шалтгаан нь эсрэг тэсрэг дүгнэлт гаргаж байна. Бодат байдлаа тооцвол эдийн засгийн шалтгаан нь өнөөдөр бидэнд илүү чухал л байна л даа.

Улигт 1.3 триллион төгрөг:

Монгол банк хадгаламжийн хэмжээг 1.3 триллион гэж зарласаар л байна. Арилжааны банкууд ч үүнийг нь батласаар байна. Гэвч хүмүүс мартамхай байж болно, бид мартамхай биш. Засгийн газрын хадгаламжийн баталгаа гаргах саналыг УИХ-аар хэлэлцэж байх үед банкууд хадгаламжийн хэмжээг 2.7 триллион гэж хашгирч байсан. Гэтэл төсөв хүндэрч Засгийн газар баталгаанаас татгалзах нь тодорхой болохын хэрээр хадгаламжийг хоёр дахин бууруулж 1.3 болгон зарлаж байна. Зөрүү 1.3 триллион хаачив?

Ийм хоёр нүүртэй байж болохгүй л дээ. Монгол банк ч арилжааны банкуудын аяыг дагаж, эсбөгөөс өмнөх алдаагаа нуухын тулд ингэж аяглаж болохгүй. Хэрэв хадгаламжийгдепозитгэж нэрлэдэгээ больчихоогүй бол, бас миний нүд сохорчихоогүй бол 2008 оны эхний хагас жилийн банкуудын гаргасан тайланг нэгтгэсэн дүнг харуулсан доорх хүснэгтэнд нийт хадгаламжийг /total deposit/ 2 триллион 671 тэрбум 856 сая төгрөг гээд өнгөрсөн жилээс 3 хувиар буурсан гэж бичсэн байна. Харин үүнээс яг нэг жил өнгөрсний дараа хадгаламж 3 хувь биш хоёр дахин буурчихдаг нь ямар учиртай юм бэ?

Шинжилж үзвэл банкууд хэрээс хэтэрсэн зээл олгохдоо хадгаламжийн хэмжээгээ нэмж баланс бариулж харуулсан байна. Үүнд Монгол банкны зүгээс тавих хяналт суларсан тул алдаагаа нуухын тулд өнөөдөр арилжааны банкуудтайгаа хуйвалдсан байна. Эсбөгөөс Монгол банкнаас арилжааны банкуудад хадгаламжаас гадуур олгох асар их хэмжээтэй зээл олгоод үүнийгээ далдлахын тулд өнөөдөр арилжааны банкуудтайгаа зөрчилдөж байна. Ингэхдээ Монгол банк арилжааны банкуудыг шахах замаар хөөсөн нийлүүлэлтээ дарах гэж оролдоод байна.

Монгол банкны зээл

Өнгөрсөн 9 дүгээр сард инфляц 30 гараад явахад тэр үеийн Монгол банкны Ерөнхийлөгч А.Батсүх сандарч зээл зогсоож байсан. Яагаад гэвэл банкууд зээлээ сарын 1.5-1.7% заримдаа үүнээс бага хүүтэй олгож байсан юм. Мэдээж үүнээс өндөр хүүтэй, богино хугацаатай, бага хэмжээтэй зээл байсан л даа. Гэхдээ ийм зээл зээлийн багцын 20 орчим хувиас хэтэрч байсан нь юу л бол.

Ингэснээр арилжааны банкууд урт хугацаатай, их хэмжээгээр олгодог зээлээсээ өмнө өгүүлсэн хадгаламж эзэмшигчдийн адил жил бүр 6.0-10.0 түүнээс дээш хувийн алдагдал үзэх байлаа. Ийм байдлаар удвал олон банк зүгээр л сүйрчих байсан юм. Гэхдээ яагаад сүйрээгүй вэ? Энэ бол олигопол бүлэглэлүүдийн бий болгосон аймшиг юм. Системийг нь ажвал зээлийг үнэндээ арилжааны банк биш Монгол банк олгож байжээ. Зээл авагч том улстөрч том санхүүчтэйгээ тохиролцоод аль нэгэн банкнаас зээл авна. Харин нөгөө банкны олгох зээл нь хадгаламж, харилцахын нь дүнгээс давах тул Монгол банкнаас зээлийн мөнгө орж ирнэ. Зээл өнгөндөө арилжааны банкаар л халхавчланэзэндээочиж байгаа болохоос шууд утгаараа эмисс хийж буй хэрэг. Өөрөөр хэлбэл Монгол банк шууд мөнгө хэвлээд зах зээлд нийлүүлж байжээ.

Ингэхдээ арилжааны банк Монгол банкны зээлийн хүүн дээр өчүүхэн төдий нэмээд нэрээ ашиглуулсныхаа төлөө ашиг олно. Ийм систем яван явсаар зах зээл дэхь төгрөгийн нийлүүлэлтийг хэт ихэсгэж, үнэ хөөрөгдөж эхэлжээ. Инфляци гэв гэнэт 32-36 болжээ. А.Батсүх О.Чулуунбатыг явмагц зээлээ зогсоов. Банкууд баларч эхэллээ. О.Чулуунбатын булхай илчлэгдэх болсон тул санхүүгийн талаарач үгүй С.Баярыг тархидаж хадгаламжинд баталгаа гаргуулав.

Харин банкуудын тайланд орсон 2.6 триллион төгрөгийнхадгаламжгэгчийн тэн хагастай тэнцэх энэ хоосон зээлийг буцааж авах үүргийг арилжааны банкууд өөртөө хүлээх албагүй юм. О.Чулуунбат Ерөнхийлөгч байхдаа чухам ийм шалтгаанаар арижааны банкуудыг хатуу хянаж шалгах ёс зүйн эрхгүй болчихоод байжээ. А.Батсүх байдлыг зөвөөр засахыг оролдох тусам О.Чулуунбат түүнд өсөрхөж байв. Сүүлдээ засах нөхцөлгүй болмогцоо албан тушаалаа өгөөд салав. Наад зах нь амьдралгүй, цаад зах нь амьгүй болбол яана. Гэхдээ энэ учрыг тэр хэн нэгэнд хэлсэн л байж таарна.

Үнэндээ О.Чулуунбат дур мэдэн асар их мөнгө хэвлэж зээл олгоод түүнийгээ дарахын тулд алтны компаниудыг хулхидсан юм. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас бултахын тулд О.Чулуунбатын урхинд орсон компаниуд их хэмжээний алтаа Монгол банкинд хадгалуулжээ. Харин түүгээр нь О.Чулуунбат зээл олгочихсон байгаа юм. Монгол банк зээл олгох эрхтэй юу? гэж хүртэл асууж байсан шүү дээ. О.чулуунбатыг явмагц бүх юм болохоо байгаад эхэлжээ. Хүмүүс А.Батсүхийн чадваргүйг, О.Чулуунбатын мундагийг гайхаж байсан. Гэвч үнэндээ хамаг гай гамшиг О.Чулуунбатынх л байсан шүү дээ.

Одооиргэдийн гар дээр” 1.3 триллион төгрөг байна. Гэтэл Д.Пүрэвдорж мэдэн будилж, эсвэл үнэхээр мэдэхгүйдээ 400 тэрбум л гэж тууж байна. Үүнийг буцааж атах арга нь бодлогын хүүг нэмэхээс өөр юу байх вэ? Одоо арилжааны банкууд ажиллахаас өөр аргагүй боллоо. Харин бодлогын хүүг эсэргүүцэж байгаа бизнесүүд нь мэдээж зээл авагчид болохоос зээл авахыг хүсэгчид биш шүү дээ. Сарын 1.5-.17 хувийн хүүтэй зээл авсан хүмүүс эргүүлж төлөхийг мэдээж хүсэхгүй шүү дээ. Өмнөх дугаарт бичсэн өгүүллийн дараа Монгол банк гарцаагүй авах ёстой арга хэмжээгээ авлаа. Гэхдээ энэ бол мэдээж манайхаас шалтгаалсан юм биш, эртнээс төлөвлөсөн л алхам байж таарна. Үүнийг шинжилж, шийдвэр гаргахад цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ л жаахан хожимдсон уу гэхээс уг нь цагаа олсон л алхам юм.

Үнэндээ Монгол банк мөнгний нийлүүлэлтийг нэмж чагаад ч болохгүй юм. Хямрал эхлэхээс өмнө энэ арга хэмжээг нь авчихсан ба одоо Монгол банк шал эсрэгээр нь ажиллахаас өөр ямар ч гарцгүй болчихоод байгаа билээ. Хямрал дэлхийг тойрч яваад Монголд ирмэгцээБи энд ирээгүй л юмсан, хэн ийм болгочихоо вэ?” гэж гайхсан гэдэг онигоо бол онигоо биш бодат байдал. Хямралын нэрийг О.Чулуунбат гэдэг юм шдээ, та танина, гэхдээ бас танихгүй. Хэрэв таньдаг байсан бол түүнийг УИХ-ын гишүүн болгохгүй л байсан юм.

No comments:

Post a Comment