Tuesday, April 21, 2009

Хямрал Оросын олигархуудыг хүнд байдалд оруулж байна

Оросын нэгэн үеийн хүчирхэг олигархуудыг дэлхийн эдийн засгийн хямрал нэрвээд байна. Тэд Кремлээс тусламж хүсч байна.

Матиас Шепп
Өвч хар модон тавилгатай, эртний ховор ном судар шилэн хоргонд залсан энэ өрөөнд Оросын эдийн засгийг орчин үеийн түвшинд авчрах төлөвлөгөөг боловсруулсан гэдгийг та лав хэзээ ч таахгүй байсан. Энэ л албан тасалгаанаас Владимир Евтушенков улс орноо түүхий эдийн экспортоос хэт хараат байдлаас хэрхэн гаргах талаар бодож сууна. Энэ зорилгод хүрэхээр түүний охин компани “Ситроникс” хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг шинэ үе шатанд гаргах үйлдвэрийг Москвагийн захад барьчихаад байлаа.

Харин “Одоо бол миний бууж өгөх цаг ирж байх шиг байна” гэж Евтушенков хэлж байна. Түүний компани Оросын эдийн засгийн уналтын муу ёрын бэлгэ тэмдэг байгаасай гэж тэр хүсэхгүй байгаа юм. Дэлхийн хамгийн том гүрний аз нь гийсэн арван жил ард хоцорч саяхан 7 хувийн өсөлттэй байсан эдийн засаг нь унаад сүйрлийн аюул нүүрлэчихээд байна.


Евтушенков “Ситроникс”-ийнхоо өрийг сэлгэж, төрийн мэдлийн “Внешэконом” банкнаас 182 сая евро буюу 248 сая долларын хөгжлийн зээл загвар компанидаа аваад байна. Гэхдээ тэрээр энэ мөнгөөрөө Германы “Дрезднер” банкнаас авсан зээлийнхээ хүүг төлнө. Гэвч яг одоо энэ бол түүнд учирсан асуудлуудын хамгийн ялигүй нь юм. Гурван ч удаа зарлагдсан саяхны хурлын зарыг авах хүртлээ хөрөнгө оруулагчид нь утасныхаа цаана санхүүгийн хямралын өмнөх үеийнх шиг тайван л байв. Гэвч барилга, харилцаа холбооноос эхлээд хүүхдийн хувцасны үйлдвэр хүртэл есөн шидийн салбараас бүрдсэн Евтушенковын “Система” холдинг компанийн өр 7 тэрбум еврогоос давсныг сонсоод тэдний тайван байдал аөрчлөгджээ.


Евтушенков бол хүнд байдалд ороод байгаа, хөрөнгийнхөө хэмжээгээр Орост төдийгүй хилийн чанадад ямагт эхний байранд жагсдаг Оросын тэргүүн баячуудын нэг. Бүхнийг гартаа авах гэсэн гайхамшигт төлөвлөгөө нь олон улсад нэр хүндийг нь унагадаг ч Евтушенков бол яг ийм олон нийтийн анхааралд өртсөн наймаа хэлцэл бодож олохдоо гаргууд нэгэн. Ердөө хоёр жилийн өмнө тэрээр Германы харилцаа холбооны томоохон компани “Дойче Телеком”-ын хувьцааны хяналтын багцыг худалдан авах оролдлого хийж байсан юм.


Оросын олигархуудын мөнгөө хайр гамгүй цацдаг нь бүр гайхшрал төрүүлэм. Эртний эд өлгийн зүйл цуглуулах хоббитой банкир Петр Авен Англи дахь байшингаа цөмийн бункерээр тоноглосон байх жишээтэй. “Дойче” банкны хувьцааг сонирхож байсан гэгддэг санхүүгийн салхич шувуу Сулейман Керимовын тэнгэрт хадсан үнэтэй “Феррари Энзо” нь 2006 оны сүүлээр Найст онхолдож бас шуугиулсан. Дотор нь Москвагийн ТВ-ийн хөтлөгч, үзэсгэлэнт бүсгүй сууж явжээ.


Дэлхийд хамгийн урт дарвуулт завь хэн угсрах вэ? гэдэг уралдаанд Арабын шейхуудтай өрсөлдөж байгаа Роман Абрамович байна. Тэрээр Английн хөл бөмбөгийн “Челси” багт үнэмшмээргүй их мөнгө-600 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа билээ. Энэ мөнгө бол Германы жижиглэнгийн худалдааны акул-Аркандорыг худалдан авч хүрэлцэхүйц мөнгө.


Ийм л өвөрмөц хүмүүс коммунизм нуран унасны дараа Оросын эдийн засгийн хувьчлалын арын хөдөлгөгч хүчин байсан юм. Одоо илүү нэр хүндтэй зарим нь хуучин Зөвлөлтийн үеийн пүүсүүдийн үйл ажиллагааг сэргээж байхад зарчимгүй, ёс зүйгүй олигархууд өөрсдийгөө томруулахын тулд ядарсан компаниудыг сааж байна. Тэд олон улсын удирдлагын туршлагыг хэрэгжүүлэхийн хамт Оросын технологийг шинэ түвшинд гаргаж байгаа юм. Сүүлийн хэдэн жилд баруунд нэвтэрч байгаа Оросын тэргүүн олигархуудын нэг, төрийн өмчийн эрчим хүчний томоохон компани “Газпром” ч мөн үүнд хамаарна.


Гэвч дээрх жаргалтай өдрүүд ард хоцорчээ. АНУ-ын бизнесийн “Fоrbes” сэтгүүлийн тооцоолсноор хамгийн баян 25 орос дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үеэр ойролцоогоор 180 тэрбум евро алдаад байгаа ажээ. Мөнгөнийхөө дийлэнхийг “Еврази” компанид оруулсан Абрамович сүүлийн зургаан сард Лондонгийн хөрөнгийн биржид цочирдмоор их хэмжээний мөнгө алдлаа. Евразийн үнэлгээ 28 тэрбум еврогоос ердөө л 3,2 тэрбум евро хүртлээ навс унажээ. Германы аялал жуулчлалын мангас “TUI”-ийн хувьцаа эзэмшдэг Оросын гангийн толгой баян Алексей Мордашов 18 тэрбум евро алджээ.


Оросын томоохон компаниуд болон банкуудын өр ойролцоогоор 360 тэрбум еврод хүрчээ. Энэ нь алт болон валютын нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ороод байсан Орос орон рублийнхээ ханшны уналтыг зогсоож, санхүүгийн институцууд болон томоохон компаниудыг хөрөнгөөр дэмжихээр зах зээлийн интервенц хийсний дараа ядарсан цагтаа хэрэглэхээр нөөцөлсөнтэй тэнцэх тийм хэмжээний мөнгө юм.


Засгийн газрынхаа дэмжлэгээс хамааралтай болоод байгаа Оросын олигархууд хүндхэн цаг үетэй тулгараад байна. Дарвуулт завины хорхойтон Абрамович Засгийн газраасаа 1,4 тэрбум еврогийн тусламж аваад байгаа бөгөөд Евтушенков Сталины үеийн сүрлэг байшингийнхаа гуравдугаар давхрын цонхоороо Кремлийн зүг нүд цавчилгүй горьдон ширтсээр байгаа билээ. “Хэрэв би засгийн газартайгаа харилцаагаа тогтвортой байлгаж чадахгүй л бол өчүүхэн үйлдвэрийн эзэн төдий л болж хувирна. Манай нөхцөл байдал Америк, Европынхоос эрс ялгаатай байна. Германы Засгийн газраас банкиндаа тусламж болгон өгч байгаа тэрбум тэрбум еврог би зөвхөн мөрөөдөж л чадахаар байна” гэж тэрээр хэлж байна.


Евтушенков саяхнаас харилцаа холбооны “Связинвест” компанийн өөрийн мэдлийн хувьцааг зарахаар болжээ. Худалдан авагч нь Оросын төр байх болно. Зарсан мөнгөөрөө компанийнхаа өрийн асуудлыг шийдэхээс гадна шинэ хөрөнгө оруулалтад ашиглана. Банкир Петр Авен саяхан Ерөнхий сайд Владимир Путинтай Сибирь рүү ниссэн билээ. Харин хэдхэн хоногийн дараа засгийн газраас түүний 1,5 тэрбум евротой тэнцэх зээлийнх нь баталгааг гаргасан юм.


Олигархууд бүх мөнгөө Ерөнхийлөгч Борис Ельцинийг дахин сонгуулахийн төлөө зарцуулж байсан 1990 оныхоос өнөөдрийн нөхцөл байдал эрс ялгаатай байна. Тэр үеэс дөрвөн жилийн дараа санхүүгийн магнат Борис Березовский Ельцины дэмжиж байсан В.Путиныг түүний залгамжлагч болоход тусалсан билээ. Нэгэн цагт Кремлийг ивээн тэтгэж, дэмжиж байсан олигархууддаа Кремль гараа сунгах цаг хэдийн болжээ.


Монополийн энэхүү аварга том тоглоомыг хэн цааш үргэлжлүүлэх, шатрын хөлгөөс хэнийг нь түлхэж хаяхыг улстөрчид л шийддэг. Нэгэн цагт хэн эрх барихыг шийдэж байсан хүмүүс өнөөдөр хариу тус нэхэхээс аргагүй байдалд хүрээд байна.


Олигархуудынхаа дунд хамгийн баян, хөнгөн цагааны хаан Олег Дерипаскагийн хямралын өмнөх алдагдал 23 тэрбум еврогоор тооцогдож байна. Хэрэв 3,5 тэрбум еврогийн зээлд нь Засгийн газар нь баталгаа гаргаж өгөхгүй бол тэрээр дампуурлын ангалын ирмэгт гуйвж зогсох болно. Ид цэцэглэлтийнхээ жилүүдэд О.Дерипаска маш олон үйлдвэр, компани худалдан авч “Бэйсик элемент” холдинг компаниа байгуулсан юм. Одоо Нигерээс Тажикстан хүртэлх газар нутгийг хамарсан энэхүү компани нь машин үйлдвэрлэл, даатгалаас эхлээд банк, авиа компани хүртэл маш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн зуны сүүлч гэхэд 300 мянгад хүрч өргөжсөн ажилчдынх нь тоо ахиад Дерипаскагийн өр шир шиг цэцэглэн хөгжихгүй байна. Зөвхөн хөнгөн цагааны охин компани “Русал”-ын тухайд гэхэд л өр нь хэмжээ 2004 оноос эхлэн 500 хувиар цойлон өссөн байхад ашиг нь үүнээс хоср дахин бага хурдаар өсч байгаа юм. Дерипаска өр зээлээр бүхэл бүтэн эзэнт улс бий болгочихжээ.


Тэрээр дэлхийн хамгийн том никель үйлдвэрлэгч Норильский Никелийг 4-р сард гартаа оруулахдаа олон улсын 11 томоохон банкийг нэгтгэсэн консорциумд хувьцаагаа барьцаа болгон тавьсан юм. Санхүүгийн хямралын энэ үед энэхүү хувьцааны хөрөнгийн нь үнэ навсайтал унаж, зээл олгосон банкууд нь нэмэлт баталгаа шаардаж эхлээд байна.


Оросын метал үйлдвэрлэлийн сор болсон энэхүү үйлдвэрт нь гадаадын санхүүгийн институцуудын нөлөө орохоос болгоомжлон Кремль Дерипаскад тэрбум тэрбумаар нь зээл олгоод, оронд нь өөрийн төлөөлөгчөө захирлуудын зөвлөлд хянагчаар оруулжээ. Энэ маягаар төр өөрөө нэг төрлийн супер олигархи болж 1990-ээд оноос хэрэгжүүлсэн хувьчлалын хүрд буцаж эргэх вий хэмээн экспертүүд болгоомжилж байна.


Өнгөрсөн цагт олигархууд Ельцины засгийн газрыг тэрбум тэрбум рублиэр угжаад хариуд нь үйлдвэрийн салбаруудаас сонгон авах буюу сайдын суудал авдаг байсан бол өнөөдөр энэ үйл явцыг Кремль урвуулан хэрэглэж байна. Газрын тос болон хийн үйлдвэрүүдийн дийлэнх нь хямралын өмнөхөн дээрх маягаар буцаад засгийн газрын хяналтад орчихоод байна. Өнгөрсөн зун Путин засгийн газрын батлан хамгаалах гадаад худалдааны агентлагийг 423 компанитай холдинг болгон өөрчилсөн юм. Төрийн татаасаар бий болсон төрийн мэдлийн энэ аварга том корпорацийг Сергей Чемезов толгойлж байна. Тэрээр зүүн Германд КГБ-ийн тагнуулаар Путинтай хамт ажиллаж байх үеэсээ нөхөрлөсөн түүний хамгийн ойрын холбоотон юм.


Өнөөдөр хяналтаа тогтоож байгаа компанийг нь Кремль хожим дахин өөрийн болгож авна гэдэгт Евтушенков итгэлтэй байна. “Хөөрхий, Ерөнхий сайд Путин үүнийг байнга л давтаж байгаа. Гэвч төр бол хамгийн муу менежер гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ” хэмээн магнат хэлж байна.


Гэлээ ч гэсэн бодлогын үндсэн маргаан нь сангийн сайд Алексей Кудринаар толгойлуулсан либерал зах зээлийн эдийн засгийг дэмжигчид болон ерөнхий сайдын орлогч Игорь Сечин тэргүүтэй төрийн хяналтыг дэмждэг хэсгийн дунд өрнөж байна. Маргаан эцсийн дүндээ Оросын эдийн засагт шийдвэрлэх ач холбогдолтой, одоо ч шийдэгдээгүй байгаа хий болон газрын тосны асуудал дээр эргээд бууж байна.


Гэсэн ч нэг л зүйл тов тодорхой. Төрийн оролцоо нь Оросын компаниудын хилийн чанадад газар аван тархаж байгаа хүчийг сааруулж зогсооно. Дерипаска гэхэд л Германы барилгын “Хочтиф” компани болон Канадыг автомашинаар хангадаг “Магна” компаниудынхаа хувьцааг аль хэдийн алдагдалтай худалдчихаад байна. Гангийн толгой баян Алексей Мордашов АНУ-д нөлөөтэй нүүрсний орд газар эзэмшдэг “PBS coals”-ийг өнгөрсөн 11-р сард нэг тэрбум еврогоор үндсэндээ худалдаад авчихсан. Үүний зэрэгцээ тэрээр тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө зогсоож байгаагаа мөн зарласан.


Мордашов АНУ-ын 4 дэх том ган үйлдвэрлэгч болсон ч одоо Оросын хойд хэсгийн Череповец хот болон Дийборнт, Мичиган дахь ажилчдаа багасгасан цагаар ажиллахыг үүрэгдээд байна. Мордашовын хамгийн хүчтэй өрсөлдөгч гангийн магнат Владимир Лизин АНУ-ын ган үйлдвэрлэгч Жон Манилын 3,5 тэрбум долларын хяналтын хувьцааг худалдан авахаасаа татгалзжээ. Түүний компанийн хувьцааны үнэ сүүлийн дөрвөн сарын дотор 90 орчим хувиар огцом унасан бөгөөд Жон Манилын хувьцааны хяналтын багцын үнэ түүний компанийн зах зээлийн одоогийн үнэлгээнээс хэтийдээд явчихаар болсонтой холбоотой.


Шатаах зуухыг зогсоолоо

Лизиний конгломератын зүрх нь Москвагаас өмнө зүгт 400 км-т оршдог Липецкт цохилдог. Энэ хотыг армидаа ширмэн их буу цутгаж байсан Аугаа Петр үндэслэжээ.

Ам дамжин яригдсаар ирсэн нэгэн түүхээр нь Липецкийг Орост андахгүй. Гитлерийн агаарын цэргийн хүчин-Люфтваффе энэхүү хотыг бөмбөгдөлгүй үлдээсэнтэй холбоотой түүх юм. Германы агаарын цэргийн довтлогчийн найз бүсгүй нь энэ хотынх байжээ. Веймарын бүгд найрамдах улсын үед Германы арми Улаан армитай холбоотой ажилладаг, офицерууд нь энэ хотод дасгал сургууль хийдэг байж л дээ.


Владимир Лизиний 34 мянган хүн ажилладаг “NLMK” хэмээх ган цувих аварга том үйлдвэр энэхүү хотыг хоёр хэсэгт хуваадаг голын дэргэд байрладаг юм. Зуны цагт ган хайлуулдаг зуухуудыг зэлүүд саглагар хусан ойн нуудаг. Гудамжнууд нь зөвлөлтийн үеийн “Цогтой ажилчдын өргөн чөлөө”, “Дугуй үйлдвэрийн ажилчдын модот гудамж” гэсэн нэрээ өнөөг хүртэл хадгалж үлдсэнээс гадна орчин үеийн шүүлтүүрүүд суулгаснаар агаар нь тэр үеийнхээс хавьгүй илүү цэвэршжээ. Одоо бол агаарын бохирдлын түвшин бүр ч багасчээ. Санхүүгийн хямрал ч байгаль орчинд ээлтэй тусч байна. Таван зуухны гурав нь зогсчээ.


1 километр урт үйлдвэрийн танхимдаа ээлжийн менежер 43 настай Сергей Мазур тус бүр нь олон тонн жинтэй гангийн ороомгийг гал бутарган үйлдвэрлэж байгаа явцыг хянаж байна. Хямралын үеэр ажлын ачаалал багасгахаас өмнө түүний цех 20 секунд тутамд нэг ороомог ган үйлдвэрлэдэг байсан бол одоо 2 минут тутамд нэгийг гаргаж байна.


Сүүлийн хоёр сарын дотор ширэм борлуулалт 40 хувиар, гангийн борлуулалт 60 хувиар буурсан нь “NLMK”-ийн гангийн үйлдвэрлэлд асуудал учруулаад байна. Жишээ нь, Дерипаска болон түүний автомашин үйлдвэрлэгч “ГАЗ” компани гангийн захиалгын мөнгөө ойрын үед өгч чадахгүй, тиймээс Лизин гангийн нийлүүлэлтээ зогсоогоод байна. Орос даяар мянга мянган компани яг л ийм байдалтай байгаа.


Иймээс Оросын бие даасан эдийн засгийн шинжээчид 2009 онд Оросын эдийн засгийн өсөлт 7-оос 3 хувьд хүрч бууна гэсэн прогноз хийхэд хүрч байгаа юм. Байж болох хамгийн сайн шийдэл нь компаниудын олонх нь концернд нэгдэх. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжихийн тулд засгийн газар Оросын олон хотод дотоодын үйлдвэрүүдтэй нь амжилттай өрсөлдөж байгаа гадаадын автомашины импортын татварыг нэмээд байна.


Мазур шиг хурдацтай өсөн дэвжиж байгаа дундаж ангид хамаардаг хүмүүс жил бүр Турк, Египетэд хийдэг амралтын аяллаа ч хүчрэхгүй болох вий гэж айж байна. Тэд энэ бүхэн өнгөрсний дараа бүх зүйл сайнаар эргэнэ хэмээн найдаж байна.


“Фолксваген” гангийнхаа нэг хэсгийг “NLMK”-ээс хангадаг. Гангийн үйлдвэр тоног төхөөрөмжөө Япон, Итали, Америкаас авдаг ч голчлон Германы “SMS-Demag Sundwig” зэрэг компаниас нийлүүлдэг. Сүүлийн хэдэн жилийн турш Лизин 200 сая илүү евротой тэнцэх тоног төхөөрөмж Германаас худалдаж авчээ.


Липецкийн ган цутгамалийн бизнес удааширч, оросууд машин худалдан авах нь цөөрөхөд энэ нь Германд ч мөн нөлөөлж байгаа юм. Германы 70 мянга гаруй хүний ажилтай байх эсэх нь Оросод хийдэг экспортоос хамаарч байгаа юм.


Төмсөнд тавьсан бооцоо

Хоёр орны худалдааны нягт харилцааг Липецк Москва хоёрын яг дунд оршдог Поповка хэмээх жижигхэн тосгоноос ч ажиглаж болно. Оросын толгой баячуудын нэг Александр Лебедев 4 сая евротой тэнцэх хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж Ловер Саксоны “Гримм” компанид захиалжээ. “Бид Европт хамгийн том төмс савлах үйлдвэр барьж байна” гэж тэр хэлсэн юм. Тэрээр үйлдвэртээ 40 сая еврогийн хөрөнгө оруулаад байгаа бөгөөд нэмж мөн төдий хэмжээний хөрөнгө орууулалт хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Лебедевийн үйлдэл нь хямралын үед тохиолдож болох боломж, эрсдэл аль алийг нь агуулж байна. Нэг талаар тэр рублийн ханшны далд уналтаас болж гадаад валютын зээлээ төлөхдөө илүү ихийг төлөх болно. Барууны машин, тавган антенн, шинэ байшинд хүртэл нөлөөлсөн хямрал дөнгөж хөл дээрээ босч эхэлж байгаа тосгоны даруухан үйлдвэрийг бооцоонд тавьчихаад байна. Нөгөө талаар Лебедев бол асар том зах зээл рүү зориглон орж байна.


“Хямралын үед маргаашийн хөрөнгийг бий болгох шинэ санаа хэзээ хэзээнээс илүү бидэнд хэрэгтэй байна” гэж тэр хэлж байна. Орос улс зөвхөн түүхийн эдийн их гүрэн байх биш мөн хөдөө аж ахуйн дэлхийн их гүрэн гэж ХАА-н сайд хэлээгүй гэж үү? Их хааны үед энэ орон дэлхийн хамгийн том буудай тариалагч байсан юм. ХАА-г хамтралжуулсны дараа ургац багасч эцэст нь ЗХУ үр тариагаа баруунаас худалдаж авдаг болсон.


Лебедев 1600 хүн амтай Поповка тосгоны “Максим Горький” нэртэй хуучны хамтралын аж ахуйг худалдаж авсан бөгөөд төмсний ургацыг ЗХУ-ын сүүлийн жилүүдийнхээс 10 дахин нэмэгдүүлжээ.
Ер нь ингэхэд, орчин үеийн төрөл бүрийн үйлдвэрлэлийн салбар ашгаа өгөхөө нэгэнт больсон юм бол хуучин бизнесээ хөгжүүлж яагаад болохгүй гэж?

No comments:

Post a Comment