Friday, April 24, 2009

Үрэгдэгчдээс үлдсэн Элбэгээ

Үлдэгсэд ба үрэгдэгсэд

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МоАХ-ныхон заавал ялах ёстой. Хэрэв ялахгүй бол ардчилал авторитаризм болон хувираад хувьсгал хийгчид Ардын хувьсгалын анхны долоо шиг хэлмэгдлийн золио болоод дуусах тавилан ирж магадгүй биз ээ. Анхдагчдыг нь зайлуулаад ардчилсан замаар замнаж буйн баталгаа болгож хаа нэгтээ архинд ороод баларч яваа нэгнийг хожим гаргаж ирээд тоглоомын удирдагч болгох ч юм бил үү? 1990 оноос хойш олдсон үүлэн чөлөөний нар шиг эрх чөлөөний гэгээг Монголчууд өөрсдөө хаах нь байна. Тэгвэл нар даан ч хол, үүл даанч зузаан болох нь.

АН-аас Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын нэг л дэвшиж гэмээ нь ялна, өөр ялах боломж байхгүй. Байсан бол С.Зориг дэвших насандаа хүрч байлаа. Ардчилсан хувьсгалын төлөө зовлон зүдгүүр айдас хүйдэс дунд тэмцэж, коммунист мөстлөгийг зүсэх хутга болж явсан хэдээс өнөөдөр Элбэгээ, Үүл хоёр л мохолгүй үлджээ. Ердөө л энэ хоёр. Бусад нь алга аа. Энэ 19 жил бол богино биш хугацаа.

Коммунизм айсуй

7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа л 1990 онд тэднийг заналхийлж байсан аюулыг мэдэрч байна. Хүч нь суларч, ялзарч доройтсон МАХН шинэхэн цусаар сэлбэгдэнгүүтээ жинхэнэ араншингаа гаргаж байгааг харж байна уу? 1990 онд МАХН коммунист хэвээрээ үлдэнэ гэсэн бол Магнайд 20, Занданд 5 жил өгөхөөс ч цаагуур анхны 13-ыг бүгдийг нь нууцхан хядчихаж чадах л байсан. Азаар Зөвлөлтийнхөн Монголыг Хятадын эсрэг 30 жил үзэл суртлаар дайтуулсан учраас ивээгчээ алдсан МАХН гарах гарцгүй болоод бууж өгсөн дүр эсгэжээ.

Олон хүн өнөөгийн нийгмийн завхралыг дүгнэхдээ намдаа биш хүндээ байна гэж байна. Гэвч бодат байдал тийм бус, хүндээ бус намдаа байна. Энэ сүг сүнс болсон намын шатлан удирдах цэрэгжүүлсэн тогтолцоо, бэртэгчингүүдийн амьдрах хөрс, дураар аашилж сурсан араншин сэдрэхээрээ таван хүний амийг аваад явчихаж байна. Аргагүй л дээ, улаан голыг нь гогодохоор үхэж буй араатан ч гэсэн сүүлчийн хүчээ шавхан багалзуурт асах нь зүй. Харин одоо энэ араатан цусны үнэр аваад сэхэж болзошгүй юм. Ахиж муужруулах ёстой.

Тэгэхгүй бол энэ улаан сарнай дэлбээлбэл Монголыг зургаа дахь жижиг таван хошуу, эсвэл найм дахь губерн болгочихож чадна. Тийм ч учраас зоримог залуус эцсийн хүчээ шавхан буй энэ махчин цэцгийг таслах гээд золио болж байна. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар нэр дэвших нь ердийн нэг амбицын хэрэг бус, энэ бол хийсэн үйл хэргийнхээ төлөө үүрэх ёстой хариуцлага нь юм. Тэр тусмаа асуудал нь Н.Энхбаярыг ялахад ч байгаа юм биш, Н.Энхбаяр хувь заяаны эргэлтээр өнөөдөртөө МАХН-ын улаан яргаллыг эхлүүлчихгүй торгоож буй хүчний тэнцвэрийг хадгалагч болон хувирчээ. Яагаад гэвэл тэр өөрөө бузар муухай системийг амилуулах анхны тэжээл, бүх шим шүүс, залуу нас, эрч хүчээ энэ вампирт соруулаад одоо түүнээсээ хамааралтай болчихсон хохирогч, тиймээс тэр нэг бол вампир болон амилна, эсбөгөөс энэ махны машиндаа тээрэмдүүлнэ.

Тэгэж яривал Н.Энхбаяр өнөөдөр АН-ыг гол ивээгч, тэр л Засгийн газарт байгаа гадасныхны тулгуур, хэрэв тэр байгаагүй бол АН өдийд бутран сарниад, эрх сүрээ алдах байсан юм. Ц.Элбэгдорж АН-ын даргын суудлаа сайн дураар өгсөн нь алдаа байсан гэж Г.Дашрэнцэн ах шүүмжилжээ. Гэвч өгөхгүй гээд яах билээ? Хэрэв тэр энэ албан тушаалаа өгөөгүй бол гадасныхны шахаанд орж намаа хамтарсан Засгийн газарт оруулсан нэр зүүх байсан юм. Үүнийг эсэргүүцэж намын даргаас татгалзсан хэмээн тэрШпигель”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгвэл тэр өөрөө ардчиллын нэр хүндийг унагасан ял авах байсан. Хэрэв хамтрахгүй гээд гэдийсэн бол намаа хагалсан нэр зүүх байсан. Намынхаа гол санхүүжүүлэгчдийг тавьж туучихаад өлөн зэлмүүн, гар хоосон партизануудтайгаа үлдсэнсэн бол өнөөдөр тэднийг хайр найргүй мөрдөн хөнөөж байх ёстой юм.

Элбэгээгийн гурав дахь боломж

Нэг зүйл анзаарагддаг юм? АН-ынхан Элбэгээ, Үүлээ гэлцэж явах. Их сайндаа л Элбэгээ дарга, Үүл гишүүн л гэнэ. Харин МАХН-ынхан даргаа Ээгий, Баагий гэхгүй л дээ. Элбэгээд хувь тавилан гурав дахь боломжийг нь олгох байх. Анхны боломж нь 2006 оны 1 дүгээр сарын 12-нд тохиосон юм. 4000 гаруй жагсагч төрийн ордны арын талбайд цуглаад Элбэгээг дуудаж байхад тэр гарч ирээгүй. Хэрэв Элбэгээ гараад ирсэн бол араас нь хэн хэн гарч ирэх байсныг ёстой хэн мэдлээ. Их олон хүн танхимаа орхиод гарч чадах байсан юм. Тэгээд л МАХН-ын байрыг дайран эзэлсэн ч бүх нийтийн дэмжлэг дутаад гарсан. Эрхбиш хувьсгалч юм болохоор хожим 4 дүгээр сарын 13-нд хариу барьж дарагдаж сарнисан хөдөлгөөнийхний ар талыг хамгаалж тус болсон. Гэхдээ гараад ирсэн бол тэр өдрийн жагсаалөнгө оржхувьсгал болоод л явчих байлаа. Гэвч МАХН-ын байр түр эзлэгдээд л дуусав.

Хоёр дахь боломж нь 2008 оны 7 дугаар сарын 1-нд тохиосон. Сонгуульд ялагдсан МАХН-аас бусад АН, Иргэний эвсэл бусад намууд МАХН-ын байрыг уулгалахад Элбэгээ бие дааж ажиллахыг оролдсон шиг санагддаг. Намынхнаасаа болгоомжилсон тэр 7 дугаар сарын 1-ний орой Сүхбаатарын талбайд гишүүдээ цуглуулж байхдаа хувьсгалын хоёр дахь боломжийг харж байсан юм. Тэрээр өдөр 14.00 цагт Ерөнхийлөгч намуудын удирдлагуудтай уулзаж хэлэлцээрт шахахад Ц.Элбэгдорж уулзалтыг хаяад гарсан билээ. МАХН-ын байрыг сүйтгэсний дараа тэр Сүхбаатарын талбайг эзлээд удаан сунжирсан цуглааны тактикт шилжихийг оролдсон билээ. Хэрэв тэр орой Ерөнхийлөгч онц байдал зарлаагүй бол Украин, Киргиз, Гүржид болсон үйл явц Монголд давтагдах байлаа.

Н.Энхбаяр онц байдал зарлахдаа МАХН-ын байрыг уулгалж байсан эмх замбараагүй хэсэг хүмүүсээс айгаагүй юм. Харин Сүхбаатарын талбайд зохион байгуулалттай цуглаж байсан АН-ынхнаас айжээ. Тэр ч бас цуглаан сунжирвал хамгийн түрүүнд өөрөө унана гэдгээ сайн мэдэж байв. Харин Ц.Элбэгдорж бүхнийг гартаа авахыг хичээж байлаа. Тэр үүний дараа нэг бол намын даргаасаа огцорно, эсвэл бүхнийг гартаа авна гэж тооцож байв. Хэрэв онц байдал тогтоогүй бол тэр Курманбек Бакиев, Михаэл Саакашвили, Владимир Юшенко болох байв. Ингэсэн бол тэр Монголд хоёр хувьсгал хийсэн хүн болох байлаа. Тэр гэнэдэж урхидуулсан залууст биш өөрийн хуучин найз нарт, намынхандаа итгэж байсан билээ.

Харин гурав дахь боломж нь 5 дугаар сарын 24-нд тохиож магадгүй байна. Тэр Ерөнхийлөгчид нэр дэвшдэг л юм бол ялалтынхаа талыг хийнэ гэсэн үг. Элдэв зальхай ажил, булхай луйвраар түүнийг унагадаг л юм бол хувьсгалын оч харвах болно. Тэртэй тэргүй эдгэшгүй өвчин болсон улстөрийн хямрал дээр нэрвэсэн эдийн засгийн хямрал ийм бололцоог түүнд олгож байгаа юм.

Хэн нь дахин хувьсгал хийх вэ?

Ж.Батзандан, О.Магнай нарыг гэмт хэрэгт холбогдуулснаас хойш хувьсгал туггүй байна. Зоримог шийдэмгий энэ залуусын таван жилийн тэмцлийн үр дүнд бий болоод байгаа нийгмийн тэнцвэрт бус байдал нь одоо тогтсон байдлыг нурааж, шинэ хөгжлийн гарц нээхэд туйлаас чухал билээ. Ялангуяа илүү тууштай, илүү зоримог О.Магнай үгүйлэгдэж байна.

АН-ын ялалтын тактик энэ залуусын хувь заяагаар тоглох замаар явчих вий гэж болгоомжилж байна. АН-ын толгойд байгаа хүмүүсийн хувьд тэд нэг их харамсаад байх залуус биш. Өөрсдийн нь алдааг хатуу хэлж байснаараа нийгэм өмгөөлөгчгүй болсон тэднийг яах бол? Э.Бат-ҮүлХэрэв би ерөнхийлөгч болбол хойтон жил сонгууль явуулна, тэгэхдээ хоёр танхимтай парламентын сонгууль явуулах болногэж байна. Харин Ц.Элбэгдорж яах бол? Түүнд ямар төлөвлөгөө байна вэ?

Хэрэв тэр Ерөнхийлөгч болбол лав л МАХН-ын эвлэршгүй дайсан болно. Тэр С.Баярын ч, Н.Энхбаярын ч гол дайсан. Тэр дэвшээд 5 дугаар сарын 24-нд ялагдвал хувьсгал эхэлнэ. Харин хувьсгал удаан бөгөөд зовиуртай тайван замаар явах уу, эсвэл хурдан бөгөөд хохиролтой явах уу? гэдэг түүний алхам, санаачлагаас шалтгаална. Хэрэв тэр эргэлзэж агшин зуур ч болов алгуурлавал өөрөө Магнай, Зандан нарын араас явна. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдоржийн ялах ялагдахаас Монгол Улс цаашдаа ардчилсан улс байх уу? авторитар дарангуйлал бодат байдал болох уу? гэдэг шалтгаалах юм.

Ц.Элбэгдоржийн олон хүний таамагладагчлан АНУ-ын дэмжлэг юм. Чухамдаа Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад АНУ-ын Ерөнхийлөгч Монголд түүхэндээ анх удаа айлчилсан нь АНУ-ын томоохон дэмлэгийг илтгэдэг, тэр тусмаа Жорж БушАНУ бол танай гурав дахь хөршгэж хэлсэн нь ардчиллыг, дам утгаараа 2009 оны сонгуульд хэнийг дэмжихээ шууд хэлсэн хэрэг юм. Түүнээс бус АНУ-ын Ерөнхийлөгч хуучин коммунист ерөнхийлөгчийг дэмжих гэж ирэхгүй.

Ялангуяа өнөөгийн нөхцөлд АНУ-ын, гуравдагчийн дэмжлэг, орон зай ус агаар мэт хэрэгтэй байгаа билээ. Оюу толгой, Таван толгойн ордууд үндсэндээ хятадын мэдэл рүү шилжиж байгаа бөгөөд Оросуудын Монгол дахь нөлөөгөө сэргээх оролдлого нь шуналт олигархуудынх нь хожооны нүүдлээс болоод урагш ахиж өгсөнгүй. Харин ч Монгол дахь нэр хүндээ алдаж эхэллээ. Уг нь Оросуудыг хүлээсэн хүлээлт байсан, гэвч тэд монголчуудын ордуудыг эзэмдэх гэж улайрснаас сэтгэлийг эзэмдэж чадсангүй.

Хэдийгээр Ерөнхий сайд С.Баяр Монголд Оросын эрх ашгийг өргөтгөх гэж оролдсон боловч үнэндээ Хятадын талыг баримтлагчдын хавханд орсон байна. Нөгөө талаас их өрийг төлсөн хэрэг явдал ба бас бус шалтгаанаар Оростой таарамж муутай болсон Ерөнхийлөгч Н.Энхбаяр сүүлийн үед Хятад лугаа сүжрэх болсон нь бүр ч их ноцтой үр дагавар авчирч болзошгүй байна.

Элбэгдоржийг сүрдүүлж байна

МАХН-ынхан Ц.Элбэгдоржийг дэвшихээс маш их болгоожилж байна. Хэрэв Ц.Элбэгдорж дэвшвэл МАХН ялагдана. Тиймээс АН-ын нэр дэвшүүлэх үйл ажиллагааг анхааралтай харж, ядаж намыг нь буталчих санаатай байх шиг. Гэхдээ үүнийг МАХН биш, сонгуулийн ажлаа хэдийнээ эхэлсэн Н.Энхбаярын баг хийж байгаа юм. “Зуун мэдээсонинд Ц.Элбэгдоржийн төрсөн өдөр, регистрийг дурдсан өгүүлэл гарчээ. Энэ бол Ц.Элбэгдоржийн тухай бүх баримтыг гартаа оруулсан шүү! гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуль заасануугуулхэмээх үгээр далимдуулж, нэр дэвшүүлэх боломжийг нь хааж гэдгээ харуулах гэж буй хэрэг. Энэ үгэнд гартахдаа тулбал тулбал Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж байтугай Д.Бямбасүрэн гуай, талийгаач С.Зориг хүртэл Зөвлөлтийнхний заавраар орсон энэ эртний бодлогын золио болох юм. Гэвч өнөөдөртөө Н.Энхбаяр ийм увайгүй дайралт хийвэл өөртөө л ашиггүй байдал үүсгэнэ.

Өнөөдөр АНУ-ын засаг захиргаатай сөргөлдөж буй бүлэг Барак Обамагийн угсаа гаралын асуудлаар оролдож буйтай адил хэрэг л дээ. Гэхдээ Элбэгээг арай ч шимпанзе болгоод зурчихаж чадахгүй л болов уу. Ерөнхийлөгчийн сонгууль хүнд хэцүү байх болно. Ц.Элбэгдорж мөнгөөр дутна, гэхдээ ард түмэн ардчиллаа мөнгөөр худалдчихгүй байлгүй дээ. Хамгийн гол нь МАХН-аас бусад улс төрийн хүчнүүд АН-аас нэр дэвшигчийн ард нэгдэх ёстой. Энэ бол цаашид ардчилал, тодорхой хэлбэл намууд өөрсдөө оршин тогтнох эсэхийг шийдэх сонгууль болно.

Хэрэв Ц.Элбэгдорж ялагдвал бүх улс төрийн хүчин тоглоомын хүүхэлдэй болно. Яг Оросын, хятадын намууд шиг. Үүний дээрээс хоёр хөршийн дарамт шахалт цадигаа алдах нь байна. Ард түмний хяналтаас гарсан эрх баригчид гадны хяналтанд ордог нь жижиг орны феномен юм.

Түүхийн давтамж

Урд өмнө олонтаа бичиж байснаа одоо дахин давтаж байна. Түүх давтагддаг, эхнийх нь инээдэм, эцсийнх нь эмгэнэл байх болно. Хувьсгал бүрийн дараа 15 жил болоод улстөрийн өөрчлөлт явагддаг. 1921 оны хувьсгалаас 15 жилийн дараа 1937 оны хядлага эхэлсэн билээ. Энэ бол эрх мэдлийг бүрэн авах зорилготой үйл ажиллагаа юм.

1990 оны хувьсгалаас хойшхи эрх мэдлийн булаацалдаан таван хүний амины золиотой түр завсарлаад байна. Үүлэн чөлөөний нар шиг 18 жилийг бид юу хийж, яаж өнгөрөөв? Эдийн засгийн бодлого буруу явж байсныг бүгд харж байна. Яагаад МАХН-истуудыг ийм буруу замаар явна гэдгийг мэдсээр байж сонгоод байсан юм бэ? Энэ бол хуучин нийгэмд дадаж дассан хүмүүсийн хуучнаа санах үзэгдэл.

Харин 19 жилийн дараа ардчиллыг өмгөөлж хамгаалах давхарга бий болсон байна. Энэ бол ирж яваа цаг, гэвч ирж яваа цагт хавсарга шуурга тохиолддог. Дахин давтан хэлэхэд энэ удаагийн сонгуульд нам нь хамаагүй, хүн нь л чухал. Тэр хүн нь хэн байх вэ?

No comments:

Post a Comment