Friday, April 24, 2009

5-р сарын 24-нд ялагдах нь МАХН-ын оршин тогтнох сүүлчийн боломж

Энэ өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Харин энэ санал хураалтаар гарч болох үр дүнг эсэргүүцэж олныг хамарсан хөдөлгөөн, цуглаан, жагсаал, ер нь юу ч болж магадгүй байна. Хамгийн сонирхолтой нь эрх баригчид яагаад гэв гэнэтхэн Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг бүтэн сараар нааш татаж, 5 дугаар сарын 24-нд санал хураах болов?

Ардчилсан хувьсгалаас хойш жил бүр сонгуулийн 6 дугаар сарын бөгсөөр хийдэг байлаа. Сүүлийн жилүүдэд сонгууль бүрийн дараа маргаан, тэмцэл өрнөдөг болсон бөгөөд ажиглавал энэ тэмцэл маргаан сонгуулиас сонгуульд улам бүр ширүүсэх төлөвтэй байна. Саналыг 6 дугаар сарын хамгийн сүүлчийн долоо хоногт хураадаг нь нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаанаас холдуулдаг байсан юм. Сонгуулийн санал хураалтын дүн төдөлгүй гарах ба ердөө хоёр долоо хоногийн дараа л наадам залгахад хүмүүс жагсаал байтугай эрхэлдэг ажлаа хаяад наадамлачихдаг юм.

2004 он:

2004 оны сонгуулийн дараа МАХН-ынхан жагсах юм болсон. Цэргийн сургуулийнхныг бэлтгэж байгаад баригдсан. Н.Багабанди Ерөнхийлөгч шийдэмгий ажилласны хүчинд нийгмийн тогтворгүй байдал тэгсгээд намжсан. Тэрээр Цэргийн сургулийг тараах үүрэг өгсөн юм. МАХН-ынхны тактикаар бол эсэргүүцлийг наадам өнгөртөл барьж байгаад үргэлжлүүлэх санаатай байсан авч Ерөнхийлөгчийн улстөрийн шийдэмгий алхам таслан зогсоосон билээ. Энэ удаад тэрээр АН-аас сонгогдсон гишүүдийг цуглуулаад нээлтийг албан ёсоор хийлээ.

Сонгуулийн маш хүчтэй луйвар булхай тэгэхэд явсан ба АН-ынхан санал хураалтын сүүлийн хэдхэн цагт, тооллогын үеэр л суудлаа алдсаар байлаа. Гэвч тэд ялсандаа тайвшраад хамгаалалтанд орчихсон юм. Түүнээс бус зэрэг маргаан гаргасан бол асуудал өөрөөр эргэж болох байв.

Гол нь ар талдаа итгээгүй, хүчээр нэгтгэсэн механик эвслийнхнээс хэн нь ч гэсэн тэмцлээсээ ухарчихаж болзошгүйн дээр АН-ынхан дотроо ноцтой хагаралтай, Алтан гадасынхан илэрхий МАХН-тай эвсэх тактикаар ажиллаж байсан билээ. Өнгөрсөн 7 удгаар сарын 1-нд Ногоон нам яг ингэж ухарсан. Ингээд АН-ын ялалтыг авчирсан хүмүүс нь намаасаа хөөгдөж, харин МАХН-тай хуйвалдагсад нь хожчихсон юм.

2005 он:

2005 оны сонгуульд АН, “Эх орон”, БНН-ын сонгуулийн штабуудын дунд Н.Энхбаярын ялалтын эсрэг хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар урьдчилан тохирчихоод байсан юм. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийхөн бүтэн сар Сүхбаатарын талбайд төмөр торх нүдэж, хүмүүсийн анхаарал ч тийш чиглэсний дээр Н.Энхбаяр шударга бусаар ялсан гэсэн ойлголт нийгэмд хангалттай түгсэн байв. Гэтэл…

Яг сонгуулийн санал хураадаг орой АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан гэв гэнэт утсаар яриад Н.Энхбаярт баяр хүргэчихэв. Үүний шалтгаан юу байв? М.Энхсайхан үүнийгээ гарч болзошгүй нийгмийн тогтворгүй байдлаас улс орноо аврах зорилготой алхам гэж тайлбарласан. Хэрэв сонгуулийн дүнг эсэргүүцсэн бол юу болох байсан бол? ЭНИХ-тэй гурван нам нэгдсэнээр овоохон хүч Сүхбаатарын талбайд цуглах болно. Ерөнхийлөгчийн сонгуульд нам хамаагүй учраас намын байранд халдахгүй байж болно, гэхдээ юу л бол, магадгүй “7 сарын 1” гурван жилийн өмнө гарч болох л байсан. Гэхдээ М.Энхсайханд болгоомжлох ноцтой шалтгаан байсан юм.

  1. АН-ынхан “Эх орон” намд итгэхгүй байв. Яагаад гэвэл “Эх орон-Ардчилал” эвсэл задраад Б.Эрдэнэбат нэрээ дэвшүүлсэн юм. Тэд Н.Багабандийн хүчтэй нөлөөлөлд шахагдсан байлаа.
  2. БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханд итгэхгүй байлаа. Үнэндээ тэр үед Б.Жаргалсайхан МАХН-ын сонгуулийн бохир тактикийг мэдээд уурандаа шатах шахаж байсан ч Н.Энхбаяртай бол тохиролцоонд орчихож чадах хүн гэж тооцож байв.
  3. М.Энхсайхан өөрөө намынхандаа итгэхгүй байсан юм. Ингэхээс аргагүй. Түүнийг дэвшүүлчихээд хаячихсан нам нь найдвартай ар тал болон гарч ирж чадахгүй. МоАХ ч бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглах нь эргэлзээтэй.
  4. Хамгийн чухал нь Н.Энхбаярын эсрэг боссон гурван хүчний тэмцэл үр дүнд хүрдэг юм гэхэд хэн нь Ерөнхийлөгч болох вэ? гэдэг нь тодорхойгүй байсан бөгөөд магадгүй үүнээсээ болоод дотроо тэмцэлдээд эхлэхийг ч үгүйсгэх аргагүй байлаа.

М.Энхсайханы энэ шийдвэрийн алдаа өөрт нь тэр дороо туссан. Санал хураалт дуусах яагаа ч үгүй байхад тэр “бууж өгснөө” зарласнаас авах саналаа эрс бууруулжээ. Түүнийг бууж өгсөн тухай мэдээлэл тархмагц бүх шатны сонгуулийн санал авах байранд байсан ажиглагчид, тооллогынхон “ажлаа хаясан”, ингэснээр асар их санал луйвардуулжээ. Ёстой нөгөө эртхэн ирээгүй бол вагоноос 10 биш, 20 минут хоцрох байж гэдэг шиг нэр дэвшигч нь бууж өгсөн бол яаж ч маргаад хэрэггүй байв. М.Энхсйханы гоморхол үүнд нөлөөлөв үү? Эсвэл өөр шалтгаан байв уу?

Н.Энхбаяр ердөө 54 хувиар ялсан билээ. “Эх орон”, БНН-аас нэр дэвшигчид тэгэхэд АН-аас төдийгүй МАХН-аас санал шимэгчилсэн учраас их өндөр санал авч, санал өгсөн сонгогчдын 20 хувийг талдаа татчихаж байв.Хэрэв М.Энхсайхан бууж өгөөгүй бол, АН-ын сонгуулийн тойрог хэсгийн хороод сайн ажилласан бол энэ дөрөвхөн хувийг татчих бололцоотой байсан юм. Ингэснээр хуулийн дагуу хэн ч 50 хувиас дээш гарч чадаагүй шалтгаанаар сонгуулийн хоёрдугаар шат гарах байлаа. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явах боломжтойгоороо парламентынхаас өөр л дөө.

Тэгэхээр энд нэг л тохироо яваад байна. 2005 онд зөвхөн АН хангалттай ажиллагаагүйгээс ялагдсан ч юм биш, төгсгөлд гарсан алдаа аймшигтай нөлөөлсөн билээ. Ингэснээр М.Энхсайхан намынхаа рейтингийг унагаад зогсохгүй өөрийгөө ч баллачихсан юм. Хожим Б.Жаргалсайхан ярихдаа: “Танай тэр М.Энхсайханд чинь бүр эрт 2004 оны сонгуулийн дараахан 50 саяыг өгчихсөн” гэж байв. Ерөнхий сайдын суудлыг ийм мөнгөөр худалдахгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийг 50 саяын наймаагаар шийдэхгүй, гэхдээ энэ эхлэл байж болно. Ингээд АН ялагдав. Наадмыг Н.Энхбаяр нээлээ.

2008 он:

Улстөрийн хямрал одоо тогтоошгүй хүчин зүйл болжээ. Дээрээс нь эдийн засгийн хямрал нүүрлэхээр нийгмийн уур амьсгал бүрмөсөн тогтворгүйжиж байна. Улстөрийн хямралын эцэг Н.Энхбаяр ерөнхийлөгчийн суудал руу цөлөгдсөн ч хямрал уламжлагдан даамжирч байна. Засгийн газрууд гэнэтийн их орлогоороо иргэдээ, намууд сонгогчдоо худалдан авах замаар аргацааж байсан боловч одоо тэр ганц тулах цэг нь алга болчихож байгаа юм. Одоо тэгээд юунд найдах вэ?

2008 оны сонгууль сонгогчдын толгойг эргүүлсэн их мөнгөний амлалтаар шийдэгдсэн билээ. Сонгуулийн PR хийхэд сонгогчид олон амлалт хүлээн авах чадваргүй байдаг ба 8 орчим санал дэвшүүлэх ёстой. Үүнээс 1-2 нь хүмүүсийг талдаа татахад хэрэгтэй. Жишээлбэл: “Саранд хүрэх төмөр зам тавиана, та түүгээр саранд аялж болно” гэх маягийнх. Хожим МАХН-ынхан сонгуулийн кампанит ажлаа шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулсан тул ялсан гэдэг нь үүнийгээ хэлсэн байх. Гэхдээ МАХН саранд хүртэл байтугай саахалт улсдаа хүрсэн төмөр зам тавьчихаж чадахгүй л дээ.

Үүнээс бид хувьсгалын тохирооны талаар бичихдээ голдуу түүхийн ажиглалт ба хүлээн зөвшөөрөгдсөн онолд тулгаарладаг байсан. Харин энэ удаад бодат байдалыг нэмэх хэрэгтэй болох нь. Ардчиллын сүүлчийн тулгуур гэдэг шиг МАХН-ын сүүлчийн тулгуур нь С.Баяр байв. Хэрэв энэ сонгуульд С.Баяр нэр дэвшвэл нэг тал нь намаа аврах гэж, нөгөө тал нь ардчилсан ололтуудаа аврах гэж тэмцэлдэх ба үнэндээ шинэ хуучны эцсийн тулаан болох юм.

С.Баярын нэр хүнд, дээр нь ялагдах нь гэсэн айдсаасаа болоод луйвраа хэтрүүлсэн МАХН 2008 оны 7 дугаар сарын 1-нд хариугаа авсан билээ. МАХН бол нийтийн дайсан болох нь тэгэхэд харагдсан. МАХН-ын байрыг уулгалагчид бол МАХН-аас бусад бүх улстөрийн хүчинд харъяалагддаг хүмүүс байв. Хэдийгээр улстөрийн сонирхлоор МАХН ба АН-ын хандлагатай гэж намуудыг хуваадаг боловч МАХН-аас бусад намд харъяалагдагчид өөрсдийгөө ардчиллын талынханд тооцдог ажээ.

Эвсэл ба бодат байдал:

МАХН сонгуулийн ялалтаа баталгаажуулахын тулд АН-тай эвссэн боловч нэр хүндээ өсгөж чадахгүй байна. Харин эвссэн нам нь нэр хүндээ алдаж байгааг харвал МАХН-ын оршин тогтнох хугацаа дуусч байгаа бололтой. 2004 онд намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсныхоо дараа Алтан гадасынхныг хүлээн авч уулзахдаа С.Баяр: “Бутаргагч вирус тээгчид” гэж нэрлэж байсан. Харин одоо намаа юу гэж нэрлэх бол?

МАХН-аас хэн ч нэр дэвшсэн бай энэ удаагийн сонгуулиар золио болох нь тодорхой байна. АН ойрхон ялагдана, эсвэл ялна. Чухамдаа МАХН-ынхны хувьд “ялчихаасай билээ” гэж залбирах нь зөв бөгөөд бараг л энэ чигтэй болж байна уу даа. МАХН яллаа гэхэд сонгууль “луйварддаг, булхайцдаг” гэж олон нийт үздэг болсон тул ялалтанд нь хэн ч итгэхгүй. мэдээж бусад нь чадлаараа л луйварддаг л даа, гэхдээ нийгмийн үнэлэмж МАХН-д сөргөөр тогтжээ.

Тиймээс 5 дугаар сарын 24-нд МАХН ялдаг юм гэхэд энэ ялалт нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй, тиймээс үндсэн хууль бариад засаглалын явцуу хүрээнд баталгаажуулахыг оролддог л юм бол парламентаа давхар унагах аюулд байна. Үүнийг л хувьсгал гээд байгаа юм шүү дээ. Ийм нөхцөлд ялагдах нь 5 дугаар сарын 24-ны аюулаас намаа, парламентаа хамгаалах боломж бөгөөд намын аппарат болон судалгааны хэсгүүдээс ийм дүгнэлт гарч байгаа тухай мэдээлэл байгаа юм.

Хэрэв 5 дугаар сарын 24-ны орой гэхэд жагсаалын цөм болсон 5 хүн цуглуулж амжих л юм бол маргаашнаас нь бүх зүйл төрийн эсрэг эргэх болно. Мэдээж Ан-д зөвлөх байна. МАХН-ын луйвар булхайг давруулахгүй сүрдүүлэхийн тулд санал хураах тэр өдөр 5 мянган хүнийг цуглуулах хэрэгтэй байх. Ингэсэн тохиолдолд л МАХН-ын хэсгийн хороод айсандаа луйвраа татах болно. Хэрэв СЕХ болон аль нэг хэсгийн хорооноос гомдол гарч гэмээ нь энэ нь нийгэмд тэсрэлт үүсгэх оч болох юм.

Яагаад 5 дугаар сарын 24-ныг сонгов?

Энэ бол МАХН-ынхны бас нэгэн заль, тэд сонгуулийг хоёр үе шаттай явуулахыг хичээх болно. Эхний санал хураалтаар маргаан гарвал буулт хийсэн дүр үзүүлж хоёр дахь шатанд оруулах замаар шударга бус явдлыг эсэргүүцсэн хүчийг сарниулахыг оролдож байгаа юм.

Хоёр дахь шат нь 6 дугаар сар гарч байж явагдана, яагаад гэвэл маргааныг яаж ийгээд сунжруулахыг хичээх нь зүй. Хоёрдугаар шат нь наадмын өмнөхөн болж, “хоёр удаа ялсан хүн” Ерөнхийлөгч болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оруулна гэж тооцож байна.

Хэрэв 6 дугаар сарын эцсээр санал хураавал дахин санал хураалт наадмаас хойш болж магадгүй ба ингэвэл сүнжирсан тэмцэл үргэлжилж намартай золговол МАХН гарцаагүй эрхээ шилжүүлэх замд орно. Гэвч энэ арга хэмжээ нь АН-д ч ашигтай тусна. 5 дугаар сарын 24-нд шийдэмгий ажиллавал парламент дахь олонхоороо түрээд МАХН-ынхан хүнээ аврах оролдлого хийж магадгүй юм. Гэвч энэ нь МАХН-д үхлийн цохилт болж, парламент тараад, ахин сонгуульд явуулахаас өөр аргагүйд хүрч, намар гэхэд парламентын сонгууль явагдаж болно. Ингэвэл гарцаагүй АН ялах бөгөөд МАХН-ын үйл ажиллагааг хориглох түүхэн шийдвэрт хүрэх магадлалтай.

Ийм үед Н.Энхбаяр МАХН дахь өөрийн бүлэглэл ба Алтан гадасыг нэгтгэн улстөрийн хүчин зохион байгуулаад парламентад сонгогдох замаар амиа хоохойлох ба МАХН задран бутарсан суурин дээр өөр нам үлдэх үндэсгүй юм. Яагаад гэвэл МАХН одоо байргүй байна. Байр л намыг нэгтгэдэг юм шүү дээ. Бидэнд байгаа мэдээллээр бол сонгуулийн кампанит ажлын үеэр намынхаа байрны шавыг тавьж өрөвдүүлэх төлөвлөгөөтэй байна. Гэвч барьж амжихгүй л дээ.

2 comments:

  1. Хэтэрхий урт нийтлэл байлаа. Гэхдээ ямартаа ч уншлаа. Энхбаяр, Элбэгдорж хоёр яг адилхан гэж би боддог. Хоёр чавганц уралдаад нэг нь түрүүлэх л байх. Гэхдээ бид одоогийнхоосоо арай дээрдүүлэхгүй бол мөлхөх байхаа. Үгүй ээ нээрээ бодоод байсан бид чинь мөлхөж байгаам байна. Тэгэхээр яана гэсэн үг вэ? Бодсоор байгаад тархи гашилах нь. Өөр агаар салхиар амьсгалах юмсан.

    ReplyDelete
  2. ter agaar salhi nehh udku irne gej itgenem. tsag tsagaaraa baihguiee.

    ReplyDelete